ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Book C++ /Цуврал хичээл/-01

Book C++ /Цуврал хичээл/-01

Үндсэн ойлголт

Компьютерийн хэрэглээ болоод судалгааны аливаа асуудал нь техник хангамж эсвэл программ хангамжтай холбогддог. Түүнчлэн эдгээрийн аль алинтай ч холбогдох тохиолдол олон байдаг.

Техник хангамж гэдэгт компьютерийн гадна байдлаас харагдаж байгаа бүх техник тоног төхөөрөмж, компьютертэй холбогдсон гадаад байгууламжуудыг ойлгож болно. Тухайлбал: Процессор, дэлгэц, гараас эхлээд хулгана, принтер, скайнер, хатуу болон уян диск, тэдгээрийн төхөөрөмжүүд, сүлжээний болон дууны, дэлгэцийн картууд гээд тун их зүйлийг энд нэрлэж болно. Мөн дээр дурдсан байгууламжуудын үйлдвэрлэл болоод засварын ажиллагаа ч энэ хэсэгт хамрагдана.

Дээр дурдсан техник хангамжуудыг ашиглан, тодорхой удирдлагын доор дэс дараалан биелэх бүлэг үйлдэл болон мэдээллийг боловсруулах боломжоор хангаж өгсөн өгөгдлийн бүтцийг программ хангамж гэж нэрлэнэ. Түүнчлэн программ хангамжид баримт бичгийг зайлшгүй дагалдуулах ёстой.

Компьютерийн программ хангамж нь ямар ч зориулалттай байж болно. Тэрхүү программ хангамжийг хэн хүссэн хүн өөрийн хэрэгцээнд ашиглах бүрэн боломжтой. Харин тэрхүү программ хангамжийг шинээр зохиох гэдэг дээр дурдсанаар танаас багагүй хэмжээний хичээл зүтгэлийг шаардана.

Нэгэнт зохиогдон ашиглагдахад бэлэн болсон программ хангамжийг хэрэглээний программ гэдэг. Хэрэглээний программуудыг хэрхэн ашиглахыг төрөл бүрийн дамжаануудаар суралцаж болно. Microsoft Word, Excel, Access, PowerPoint, PageMaker төдийгүй Microsoft Windows ч өөрөө хэрэглээний программ юм. Харин тэрхүү хэрэглээний программыг зохиохын тулд бид программчлалын хэлийг ашиглана. Хэдийгээр компьютер үүссэн цагаас эхлэн нэлээн тооны программчлалын хэлүүд зохиогдож байсан боловч өнөө үед өргөн хэрэглэгддэг цөөхөн хэдэн хэл байдаг. Эдгээрээс бид C++ гэсэн программчлалын хэлийг үзэх гэж байна.

Программчлалын хэлийг ашиглан программ бичихэд доорх алхмуудыг гүйцэтгэх ёстой. Үүнд:

1.Алгоритм зохиох ( Designing )

2.Алгоримтын дагуу программын кодыг бичих ( Coding )

3.Хөрвүүлэлт хийх ( Compilnig )

4.Программыг шалгах ( Testing )

5.Сайжруулах ( Developing )

1. Бичих гэж буй программын үндсэн алгоритмыг зохиох. Бид энэ алхамтай төстэй үйлдлүүдийг бодит амьдрал дээр маш их гүйцэтгэдэг. Гэрээс гараад хаагуур явбал зорьсон газраа хурдан хүрэх, ийм ажил бүтсэн тохиолдолд ямар ажлыг хийх, бүтээгүй тохиолдолд ямар ажлыг хийх гэх мэтийн шийдвэрүүдийг гаргах бүрд бид богино хэмжээний алгоритм зохиож байгаа гэсэн үг юм. Тэгвэл бид бодлого бодохдоо бүр нарийн алгоритм зохиоход хүрнэ. Эхлээд энэ утгыг олоод, дараа нь харин энэ утгаасаа 2 дахь утгыг олно гэх мэтчилэн. Алгоритмын хамгийн энгийн жишээг үзэцгээе. Бид 2 тооны ихийг нь олдог программ зохиох шаардлагатай болжээ. Юуны өмнө бид хэрэглэгчээс хооронд нь жиших 2 тоог авах хэрэгтэй болно. Өгсөн 2 тоог хооронд нь жишээд 1 дүгээр тоо их байвал программын үр дүн нь 1 дүгээр тоо болно, харин эсрэг тохиолдолд программын үр дүн нь 2 дахь тоо болох юм. Энэ тохиолдолд программын алгоритм нь тоо оруулах, жиших, үр дүнгээ харуулах гэсэн 3-хан үйлдээс тогтож байна.

2. Алгоримтын дагуу программын кодыг бичих. Алгоритм нэгэнт тодорхой болсон тохиолдолд уг программд хэдэн ширхэг хувьсагч, тогтмол ашиглагдахыг шийдэж тэдгээрийг тодорхойлж өгнө. Хувьсагч болон тогтмол утгууд, тэдгээрийг тодорхойлох тухай доор дэлгэрэнгүй үзэх болно. Уг хувьсагчууд, тогтмолууд болон өмнөх алхамд зохиосон алгоритмаа ашиглан программын үйлдлүүдийг C++-ийн текст засварлагчийн тусламжтайгаар бичиж өгнө.

3. Хөрвүүлэлт хийх. Программаа бичиж дуусаад хөрвүүлэлт хийхийн тулд Compile гэсэн менюний Run коммандыг ашиглана. Ингээд программ зохиогчийн бичиж өгсөн коммандуудыг хөрвүүлэн биелэх файл үүсгэнэ. Энэ ажиллагааг компиляци буюу хөрвүүлэлт хийх гэж нэрлэх бөгөөд хөрвүүлэлт хийдэг системийг компилятор гэж нэрлэдэг. Компилятор программд бичигдсэн бүх коммандуудыг шалгаж үзээд, хэрэв үл ойлгогдох бичлэг ч юмуу, ер нь ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд хэрэглэгчид мэдээлж, компиляцийг зогсооно. Энэ тохиолдолд эргэж 2-р алхамдаа шилжих бөгөөд программын коммандууд дотор байгаа алдаануудыг засч дахин хөрвүүлэлт хийх шаардлагатай болдог. Программ ганц ч алдаагүй болсон тохиолдолд л биелэх файл буюу ашиглахад бэлэн болсон хэрэглээний программ үүснэ.

4. Программыг шалгах. Хөрвүүлсний дараа программаа сайтар шалгах нь зүйтэй. Хэдийгээр программ огт алдаагүй хөрвөсөн ч гэсэн таны хүссэн маягаар ажиллахгүй, хэрэгцээтэй зөв үр дүнг өгөхгүй байж магадгүй. Энэ тохиолдолд алдааг компилятор бус, харин та өөрөө олох хэрэгтэй болно.

5. Сайжруулах. Зохиосон программ нэгэнт ном ёсоороо ажиллаж байгаа бол одоо уг программд байгаа ашиглагдаагүй хувьсагч, тогтмол, функц, макро, илүү болон давхар хийгдэж байгаа үйлдлүүд гэх мэтчилэн программын хурд ба хэмжээнд сөргөөр нөлөөлж болох зүйлсийг олж засах хэрэгтэй. Ингэснээр программ санах ой болон дискэн дээр эзлэх хэмжээ нь багасах, үр дүнд нь программын ачаалах болон биелэх хурд ихсэх зэрэг олон талын сайн үр дүнд хүрэх боломжтой юм.

http://booking.miniih.com

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null