ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : БАГШИЙН УР ЧАДВАРЫН УЛСЫН УРАЛДААНЫГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

БАГШИЙН УР ЧАДВАРЫН УЛСЫН УРАЛДААНЫГ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

БАГШИЙН УР ЧАДВАРЫН УЛСЫН УРАЛДААНЫГ

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

НЭГ. Нийтлэг үндэслэл

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын шинэчлэл, ялангуяа стандарт, үндэсний киррикюлимын шинэчлэл нь багшийн мэргэжэлийн мэдлэг, ур чадварт шинэ шаардлага тавьж байна. Багшийн мэргэжлийн ур чадварын өөрчлөлт нь тасралтгүй үйл явц бөгөөд тэдний сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны явцад бүтээсэн шинэлэг, бүтээлч арга зүйг нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгцээ үүсгэж байдаг. Энэ хэрэгцээг хангах нэг үйл ажиллагаа бол багш нарын ур чадварын шат шатны уралдаан болно.

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ур чадварын улсын уралдааны зорилго нь тэдний шинэлэг, бүтээлч арга туршлагыг илрүүлж, түгээн дэлгэрүүлэх замаар хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын арга зүй, технологийг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино.

Энэхүү журам нь хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ур чадварын улсын уралдааныг зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулна.

ХОЁР. Уралдааны зохион байгуулалт

2.1 Ур чадварын уралдааны үе шат, хугацаа:

2.1.1. Багш нарын ур чадварын уралдааныг а) анхан шат буюу цэцэрлэг, сургууль, б) орон нутаг, в) үндэсний түвшинд гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулна.

2.1.2. Багш нарын ур чадварын анхан шатны уралдааныг тухайн сургууль, цэцэрлэгүүд 9 дүгээр сард, орон нутгийн уралдааныг аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар 10 дугаар сард, үндэсний хэмжээний уралдаан (улсын уралдаан гэнэ)-ыг 11 сарын сүүлийн долоо хоногт Боловсролын хүрээлэнгээс тус тус зохион байгуулна.

2.1.3. Багш нарын ур чадварын анхан шатны болон орон нутгийн уралдааны журмыг тухайн аймаг, нийслэлийн БСГ боловсруулж, мөрдөнө.

2.2 Ур чадварын улсын уралдааны зохион байгуулалт

2.2.1. Ерөнхий боловсролын сургуулийн бага (I-V/I-VI) анги ба дунд (VI-XI/VII-XII) ангийн багш нарын уралдааныг жил бүр зэрэг, хүүхдийн цэцэрлэгийн багш нарын улсын уралдааныг хоёр жилд нэг удаа зохион байгуулна.

2.2.2. Ур чадварын улсын уралдаанд аймаг, нийслэлээс шалгарсан багш нар оролцоно. Оролцох багш нарыг аймаг, нийслэлийн БСГ-ын албан тоотыг үндэслэн, уралдаан эхлэхээс нэг хоногийн өмнө бүртгэнэ.

2.2.3. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ур чадварын улсын уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулах бөгөөд аль алинд нь хичээл заалгаж уралдуулна. Эхний шатанд багш нарыг гурван хэсэг болгож хичээл заалгах бол хоёрдугаар шатанд хэсэг бүрээс шалгарсан гурван багш буюу нийт 9 багш оролцоно. Багш нарын заах хичээл, анги, сэдвийг сугалаагаар шийднэ.

2.2.4. Сургуулийн өмнөх боловсролын багш нарын ур чадварын уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний шатанд оролцогч бүрээр хичээл заалгах бол хоёрдахь шатанд бүтээлч чадвараар нь уралдуулна. Бүтээлч чадварыг ээлжит хичээлийн хөтөлбөр боловсруулах, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх болон тусгайлан бэлтгэсэн сорилын даалгавар гүйцэтгэх гурван хэлбэрээс тухайн жилд аль нэгийг нь сонгож уралдуулна. Тухайн уралдааны үед алийг нь сонгохыг комисс шийдвэрлэнэ.

2.2.5. Улсын уралдаанд оролцогч багш бүр сугалаагаар шийдсэн ангид хичээл заахаасаа 40 минутын өмнө заах сэдэвтэй танилцан, хичээлээ төлөвлөж, ашиглах сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэнэ.

2.2.6. Ур чадварын улсын уралдаанд оролцсон багш нарт заасан хичээл бүрийн зорилго, зорилтын хэрэгжилтэд өөрийн үнэлгээ хийж, комиссын гишүүдэд танилцуулах боломжийг тэгш олгоно.

2.2.7 . Ур чадварын улсын уралдааны комисс нь уралдааны зохион байгуулалт, явц, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг 7 хоногт багтаан гаргаж, хүрээлэнгийн захирлын дэргэдэх зөвлөлд тайлагнана.

ГУРАВ: Улсын уралдааны комисс, оролцогчдын эрх, үүрэг

3.1, Ур чадварын улсын уралдааны комисс

Ур чадварын улсын уралдааныг зохион байгуулах комиссыг тухайн чиглэлээр мэргэшсэн эрдмийн зэрэг, цолтой судлаач, багш нарыг төлөөлсөн 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Боловсролын хүрээлэнгийн захирлын тушаалаар батална. Комисст багш бэлтгэдэг их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагаас төлөөлөл оролцуулна. Комисс нь нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.

3.2 Ур чадварын уралдааны комиссын нарийн бичгийн даргын эрх, үүрэг, хариуцлага

3.2.1. Комиссын нарийн бичгийн дарга уралдааны бэлтгэл хангах, зохион байгуулах, комиссын гишүүдийн ажил үүргийг хуваарилах, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, шаардлага тавих, уралдааны дүнг нэгтгэх, тайлагнах үүрэгтэй.

3.2.2. Комиссын нарийн бичгийн дарга нь ашиг сонирхлын зөрчилгүй байх үүрэгтэй.

3.2.3. Улсын уралдааны үед хичээлд бэлтгэх, хичээл заах анги танхим, техник хэрэгсэл, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний бэлтгэлд хяналт тавьж, хичээл заах хуваарийг хийж, нууцыг хадгалах үүрэгтэй.

3.2.4. Комиссын нарийн бичгийн дарга нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд Боловсролын хүрээлэнгийн дотоод журмын 9.2-д заасны дагуу хариуцлага хүлээнэ.

3.2.5. Комиссын дарга нь зарим гишүүнийг үүргээ биелүүлээгүй, ашиг сонирхлын зөрчил гаргасан, уралдааны үед бусад ажлаа зохицуулж чадаагүй тохиолдолд комиссоос чөлөөлөх эрхтэй.

3.3. Ур чадварын уралдааны комиссын гишүүдийн эрх, үүрэг, хариуцлага

3.3.1. Комиссын гишүүд улсын уралдаан эхлэхээс өмнө шалгуур, үзүүлэлттэй урьдчилан танилцах, уралдааны хугацаанд хуваарьт орсон хичээлд бүрэн ажиглалт хийхээр бусад ажлыг зохицуулсан байх үүрэгтэй.

3.3.2. Комиссын гишүүд нь нарийн бичгийн даргын гаргасан хуваарийн дагуу нэг, хоёругаар шатны хичээлд ажиглалт хийж, тусгайлан боловсруулсан шалгуур үзүүлэлтийг үндэслэн оноогоор үнэлэх үүрэгтэй.

3.3.3. Комиссын гишүүд хичээл заасан багшийн ур чадварыг тус тусдаа үнэлж, үнэлгээний хуудсыг дараагийн хичээл эхлэхийн өмнө комиссын нарийн бичгийн даргад өгөх үүрэгтэй.

3.3.4. Комиссын гишүүд хичээл заасан багш нарын өөрийн үнэлгээг сонсож, заасан хичээлтэй холбоотой асуулт тавих, хариулт авах, мэргэжлийн зөвлөлгөө өгөх эрхтэй.

3.3.5. Комиссын гишүүд нь хичээлд үнэлгээ хийж, тавьсан оноогоо хамгаалах, санал хэлэх эрхтэй.

3.3.6. Комиссын гишүүд өөрийн тавьсан оноог нууцлах эрхтэй.

3.3.7. Комиссын гишүүд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Боловсролын хүрээлэнгийн дотоод журмын 9,2-д заасны дагуу хариуцлага хүлээнэ.

3.4 Уралдаанд оролцогчдын эрх үүрэг, хариуцлага

3.4.1. Улсын уралдаан оролцож байгаа багш нар бүртгүүлэх, хичээл заах анги, сэдвийг сугалах, хичээл заах зэрэг уралдааны үндсэн үйл ажиллагаанд энэхүү журамд зааснаар оролцох үүрэгтэй.

3.4.2. Хичээл заахдаа багшийн ёс зүйг баримталж, уралдаан болж байгаа сургууль, цэцэрлэг, суралцагчдын нэр төрийг хүндэтгэх үүрэгтэй.

3.4.3. Ур чадварын улсын уралдаанд оролцож байгаа багш нар тусгайлан бэлтгэсэн өрөөнд хичээлд бэлтгэж, хичээлээ заахад шаардлага хангасан материаллаг болон техникийн нөхцөлөөр хангагдах эрхтэй.

3.4.4. Комиссын гишүүдийн оноо тавьсан үндэслэлтэй танилцах, тайлбар, зөвлөлгөө авах эрхтэй.

ДӨРӨВ. Уралдааныг дүгнэх, мэдээлэх

4.1. Уралдааныг дүгнэх

4.1.1. Ур чадварын улсын уралдаанд хичээл заасан багш нарын ур чадварыг комиссын гишүүд тусгайлан боловсруулсан шалгуур, үзүүлэлтээр 1-5 хүртэл оноогоор үнэлнэ.

4.1.2. Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багш нарын хичээлийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ. Үүнд:

1. Сурагчдыг идэвхжүүлж, сэдэл үүсгэсэн байдал

2. Хичээлийн агуулга сонгосон байдал

3. Хичээлийн арга зүйн шийдэл хийсэн байдал

4. Сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрэглэсэн байдал

5. Багшийн харилцааны чадвар

6. Хичээлд үнэлгээ хийсэн байдал

Цэцэрлэгийн багш нарын бүтээлч чадварыг үнэлэх шалгуур нь тухайн жилд сонгосон уралдааны хэлбэрээс хамаарч ялгаатай байна. Үүнийг тухайн жилд ажиллах комисс боловсруулж, хэлэлцүүлэн шийдвэрлэнэ.

4.1.2. Уралдааны хоёрдугаар шатанд оролцсон багш нараас I байрт нэг, II байрт хоёр, III байрт гурав, шагналт байрт гурван багшийг тус тус шалгаруулна. Хичээл заасан багш бүрийг комиссын гишүүдийн онооны нийлбэрийг дунджийг гаргаж, онооны дарааллаар байр эзлүүлнэ.

4.1.3 Уралдаанд эхний гурван байрт шалгарсан багш нарыг диплом, мөнгөн шагналаар шагнана.

4.2. Уралдааныг дүнг мэдээлэх, сурталчлах

Ур чадварын улсын уралдааныг дараах гурван хэлбэрээр олон нийтэд мэдээлнэ.

· Ур чадварын уралдааны бэлтгэл, зохион байгуулалтын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн бүхий хэрэгслийг ашиглан мэдээлж, сурталчлах

· Ур чадварын улсын уралдааны дүнг “Боловсрол судлал” сэтгүүлээр дамжуулан мэдээлэх

· Ур чадварын улсын уралдааны II шатанд хичээл заасан багш нарын хичээлийг видео бичлэг хийж, VCD, DVD хэлбэрээр боловсруулан сургууль, багш нарт хүргэх

ТАВ. Уралдааны санхүүжилт ба зарцуулалт

6.1. Ур чадварын улсын уралдааны төсөв нь оролцогчдын хураамж болон ивээн тэтгэгчийн хандив, шагналаас бүрдэнэ. Хураамжийн хэмжээг тухайн жилд тогтооно. Хураамжийг оролцогчдыг бүртгэхдээ бэлнээр авч, журамд зааснаар зарцуулна.

6.2. Ур чадварын улсын уралдаанд оролцох багш нарын замын зардал, томилолт, уралдааны хураамжийн мөнгийг аймаг нийслэлийн БСГ, дүүргийн Боловсролын хэлтэс болон сургууль, цэцэрлэг хариуцна.

6.3. Уралдааны төсвийг шагналын сан болон үйл ажиллагааны зардалд зарцуулна. Нийт төсвийн 60–аас илүүгүй хувийг шалгарсан багшийн шагналд, 20-оос илүүгүй хувийг өргөмжлөл, батламж хэвлүүлэх, VCD бичлэг хийлгэх зардалд, 20-оос илүүгүй хувийг комиссын гишүүдийн ажлын хөлс, энгэрийн тэмдэг хийлгэх, оролцогчдын мандат, урилга, хөтөлбөр, хэвлүүлэх, уралдаан зохион байгуулсан байрын түрээс, бичиг хэргийн зардал зэрэгт зарцуулна.

6.4. Уралдааны төсвийн зарцуулалтыг комиссын хуралдаанаар хэлэлцэж, комиссын нарийн бичгийн дарга Боловсролын хүрээлэнгийн захиргаанд тайлагнана.

о О о
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null