ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Боловсролын салбарын “Аав уул”

Боловсролын салбарын “Аав уул”

Өвөрхангай аймгийн Математик Гадаад Хэлний Гүнзгийрүүлсэн Сургалттай улсын тэргүүний “Мэргэд” сургуулийн зөвлөх, Монгол Улсын Гавьяат багш Т.Тавхайд зориулав.

Боловсролын салбарын “Аав уул”

Хүмүүн заяаг олж төрнө гэдэг ширхэг арвай зүүний үзүүрт тогтохтой адил азтай тавилан юм. Ийм хорвоод хосгүй хүний хувь заяаг олж, амьдран өөртөө бүхэл бүтэн ертөнцийг бүтээсэн гавьяатнуудын туулсан зам их, тулах өв арвин. Тэдгээр гавьяатнуудын нэг, орчин цагийн боловсролыг хөгжүүлэх үйл хэрэгт гавьяатай үүрэг гүйцэтгэсэн, ахмад сурган хүмүүжүүлэгч, багш Тавхай 1946 онд хуучин халхын Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг “Хилэнгийн хадат” хэмээх газар малчин ард Шинэд овогт Тамзавын хүү болон мэндэлжээ. Сумын бага сургууль, аймгийн төвийн 10 жилийн сургууль, МУИС-ийн газар зүйн ангийг тус тус төгсгөн, 1971 онд Өвөрхангай аймгийн СЗАК-д мэргэжилтнээр ажил амьдралын гараагаа эхлэн, боловсролын хэлтэст байцаагч, СЗАК-ийн эрхлэгч, 3-р сургуулийн захирал, Математикийн Гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн захирал, МГХГС-тай “Мэргэд”сургуулийн захирал, зөвлөх багш зэрэг албан тушаалыг хашин, эрдмийн их аянд дөрөөлөх, эрхэм хүндтэй энэ салбарт эдүгээ агуулга төгөлдөр амьдралынхаа 41 жилийг зориулжээ. Түүний сонирхол нь хүн байгальтайгаа ойр байж, түүгээрээ тэжээгдэн, эрч хүч авч байдаг гэсэн үзлээр байгалийн сайханд амран, хүй тасарсан алтан цэг аараг намхан бор толгодынхоо дунд эрүүл агаар цээж дүүрэн амьсгалж, хээрийн салхи нуруунд нь дарцагласан, шандаст хурдан хүлгийн тоосонд баясах дуртай. Хүнийг баян ядуу, дарга цэрэг, хөгшин залуу гэж ялгалгүй, хүн бүртэй адил тэгш харьцаж, өөрийн чадах, мэдэх, байгаа бүхнээрээ бусдад тус болохыг хичээдэг, аливаа зүйлд хүлээцтэй, нухацтай ханддаг гээд л нэрлээд байвал нэлээд олон шинжүүдийг жагсаана даа. Хүнийг магтах муулах хоёр нь ил, дутагдалтай, буруу хазгай юмны дэргэдүүр дуугүй өнгөрнө гэж үгүй, улаан нүүрэн дээр нь гал ноцтол хэлээд, загнаад тавьчихна. Хэдхэн хормын дараа нөгөө аадрын өмнөх бараан үүл аль хэдийн цэлмэж, “Миний хүү” гэсэн сүлд үгээрээ л аргадна. Хүнлэг нинжин сэтгэлтэй, дан ганц ажилтнаа бус ар гэр, амьдралтай нь сэтгэл зүрхэндээ тээж явдаг, “далайлт нь хатуу ч, буулт нь зөөлөн” тийм л хүн. Энэ бол өөрийнх нь араншин. Дүрэлзсэн их өөдрөг бодолтой, гутаж гуних гэдгийг мэдэхгүй, сэтгэлийн хаттай эр. Бас нэгэн дутагдал нь бодож, төлөвлөсөн бол хийж байж, дуусгаж байж санаа амардаг. Өөрөөс хамааралгүйгээр, хугацаандаа биелэхгүй бол түүнийгээ биелүүлэхийн тулд бусдыг өөрийнхөөрөө байлгах гэдэг муу зантай. Мөн тэрээр түүхт хүмүүсийн амьдралыг уншин судалж, тэдний амжилт ололт, алдаа оноог дэнслэн, шавь нартаа сургамжлах дуртай. Тиймдээ ч их эзэн Чингис хааныхаа

1. Саруул ухаан, эр зоригтой байх

2. Цаг үеийн мэдрэмжтэй байх

3. Асуудлын голыг олж шийдвэрлэх

4. Хэрэгтэй үед ухарч чадах

5. Хүнээ хайрлах

гэсэн таван жолоодогч чанарыг өөртөө шингээж, ажилдаа тусган, хамт олны дунд ч энэ гайхамшигт зарчмуудаар үлгэрлэн, тэдгээрийн дотроос “багш хүн жолоодогч чанарыг өөртөө шингээх ёстой” гэсэн үзэл баримтлалаар биднийгээ удирдан ажиллаж ирсэн билээ.

Тэрээр 1969 онд мэргэжил нэгт Балжирын Цэрэнжавтай хатуутай зөөлөнтэй хорвоод ханийн заяа түшилцэн, гал голомтоо бадраан, тулгын гурван чулуу шиг гурван сайхан хүү, туулах амьдралын үндэс болсон нэгэн хөөрхөн охины ижий аав бололцжээ. Ханийн түшиг хайрыг дааж, ноён нуруутай гэрийн эзэн байж, аавын нөмрийг бий болгож чадсан нь түүний хүн чанар, аав ээжийн хүмүүжил, өр нимгэн Монгол эр хүний сэтгэлийн илэрхийлэл бизээ. Тиймдээ ч үр ач нараа үнэнч шударга, ажилсаг хөдөлмөрч, даруу төлөв, уйгагүй, няхуур нямбай, түмэн олонтойгоо эвтэй найртай, хүний дээд хүн байхыг эрхэмлэн захиж, үлгэрлэн дагуулсаар ирсэн юм. Хайр энэрэл, халамж анхаарал, өрөвч зөөлөн сэтгэл, тэвчээр хатуужил, ухаалаг хүлээцтэй зангаараа хань ижил, үр хүүхдүүддээ ханийн дээд хань, аавын дээд аав алтан ургийн шүтээн билээ. Алаг хорвоогийн зовлон жаргалын нугачаанд аюулт өвчний өмнө өвдөг сөхрөлгүй, амраг ханиа нийт нэгэн мянга нэгэн зуун хоног асран халамжилсан хүний хайлан, өмөг түшиг нь байж, чухамдаа сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг гэдгийг үе үеийн залууст харуулж чадсан ижий сэтгэлт, аав уул билээ. Овоглох судартай орчлонд зовсон ч зовоогүй юм шиг "зовхи нь өөдөө", жаргасан ч дээш сагаж "доош уналгүй" явах нь хүмүн төрөлтний эрхэм чанар хэмээн бидэндээ байнга сургамжлах. Тавхай багшийг хариуцсан ажилдаа чин сэтгэл гаргаж, чиглэсэн зорилгоо гүйцэлдүүлэхэд түүний өмөг түшигт, саруул ухаант сайн хань Б. Цэрэнжав мэргэжил нэгтэйн хувьд асар их нөмөр нөөлөг, тус дэм болж ирснийг дурдахгүй өнгөрөхийн аргагүй.

Хүн нартад эхийн хэвлийгээс хүй тасран мэндлээд, нийгмийн харилцаанд оролцон бие хүн болж, хоёр дахь удаагаа “төрдөг” бөгөөд энэ төрөлтийн эх нь багш юм. Ийм ч учраас багшийн ажлыг “Нарт ертөнцөд эгнэшгүй нандин сайхан алба” гэж нэрт сурган хүмүүжүүлэгч Я. А. Коменский хэлжээ. ”Хүн нэрээ, тогос өдөө” гэдэгчлэн хариуцсан ажилдаа гаршихын төлөө бүх цаг зав, хүч чадал, авьяас билгээ юүлэн ажилладаг байсан тэр цагт хожмын гавьяатыг төрүүлсэн гавьяат багш Г. Балдан, Ц. Намшир, С. Чойхүү, Д. Гэндгээ, З.Дорж, Д. Цадмид нарын зэрэг олон сайхан багш нараасаа үлгэрлэн суралцаж, бахархан дуурайж, өнөөгийн өндөрлөгт хүрсэн билээ. Өөрөө өөдрөг сайн явах цагт энэ бүхний үндсийг сэтгэл оюунд нь соёолуулсан тэр л багш нартаа чин сэтгэлээсээ баярлаж, бас хайрлан хүндэлж байдаг. Багш хүн мөнхийн гэгээрүүлэгч, сурган хүмүүжүүлэгч байдаг болохоор хэлж ярьж байгаа нь ч зөөлөн аядуу, энэрэнгүй байх ёстой. Өнөөдрийн даяаршлын нийгмийн нүдэнд үл үзэгдэх ханыг багш хүний саруул ухаан, сургамжит үгс байнга нэвтлэн гэрэлтүүлж заана хэмээн  залуу үе бидэндээ өгүүлнэ. Басхүү тэмцлийн тугийг багш нар маань ном бүтээлээрээ орлуулан өргөж,  хүн байхын үлгэр манлайллыг хичээл, үйлдлээрээ цаг үргэлж харуулж байдаг хэмээнэ. Түүний гол чанар бол сүүн цагаан итгэлийг арвин их зүтгэл хөдөлмөрөөр хариулахын төлөө тэмцэж амьдрах юм. Миний амжилт ололт О.Батмөнх, С.Алтанцэцэг, Ш.Гүндалай, Ц. Дорждулам, Б.Мөнхжаргал, Л.Батсүх, Э.Батаа, М.Цогзолмаа, С.Эрдэнэбилэг, Н.Норгинханд, Л.Тунгалаг, Т.Батсүх нарын ажлыг хийсэн шиг хийдэг үе үеийн хамтран зүтгэгч залуучуудын маань түшиг тулгуур, нөмөр нөөлөгтэй салшгүй холбоотой билээ. Ер нь хүн дан ганц өөрийн хүчинд биш хамт олны дэмэнд л явдаг, “Боловсрол” хэмээх энэ айлын ачааны хүндийг үүрэлцэн, ажлын голыг нугалалцахад миний үе үеийн хамт олон намайг өдий зэрэгт хүргэсэн. Манай хамт олон оюунлаг, бүтээлч, хөдөлмөрч, нөхөрсөг, бие биедээ үргэлж туслан хамтран ажилладаг, мэргэжлийн болон бусад олон уралдаан тэмцээнд ямагт манлайлагчид хэмээн даруухнаар бахархан хуучлах дуртай. Тэрээр хүүхдийн авьяас чадварыг нээн илрүүлж, хөгжүүлэх, боловсролын агуулга, стандарт болон суралцагчид, эцэг эхийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэх нь Монгол улс болон дэлхийд тэргүүлэх мэргэжилтнийг бэлтгэх гол түлхүүр гэсэн тэргүүлэх зорилготойгоор хамт олноо удирдан иржээ. Тавхай багшийн ажлын амжилтыг Монгол улсын төр засгаас өндрөөр үнэлэн, МЗХ-ы “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдэг, Монгол улсын БСШУЯ-ы “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Алтан гадас” одон, “Тусгаар тогтнол” одон, эзэн Чингис хааны 800 жилийн ойн медаль, Ардын Хувьсгалын 50,60,70,80,90 жилийн ойн медалиуд зэрэг болон Монгол улсын гавьяат багш цолоор шагнажээ. Мөн газар зүйн хичээлийн аймгийн төрөлжсөн олимпиадыг түүний нэрэмжит болгон гавьяаг нь алдаршуулсан юм.  Монголын ард түмний үр хүүхдийг сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их аянд дөрвөн арваны турш өөрийн бүхий л хүч хөдөлмөр, авьяас чадлаа зориулж ирсэн, санчгандаа бууралтай ч сэтгэлдээ бууралгүй, оргилд нь хүрэхээр бэлээс нь тэмүүлэх залгамж халаатай, оюуны далайд од мэт гялалзах мянга мянган шавь нартай, боловсролын салбарын “Аав уул” болсон, өвгөн буурал багшийн минь эрдмийн их аяны түүчээ үргэлжилсээр...

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!


Өвөрхангай аймгийн МГХГС-тай Мэргэд сургуулийн

Монгол хэл-Уран зохиолын багш Д.Нэргүй

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null