ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : ӨНДӨР ГЭГЭЭНИЙ СЭРЭГ ДҮР БҮХИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ БҮТЭЭН БОСГОЛОО

Монголын Шашин төрийн нэрт зүтгэлтэн, хосгүй уран барималч, их соён гийгүүлэгч урлагийн мэлмийг нээгч Өндөр Гэгээн Занабазарын 12 метр өндөр хүрэл хөшөө бүхий цогцолборыг намрын тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр Монголын ард түмнээ зориулан түүний төрлөх нутаг Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод бүтээн заллаа.
     Уран баримлын дүрслэл, уран сайхны талаас авч үзвэл төв цэнгэлдэх хүрээлэнгийн задгай талбайд бүтээн байгуулж буй "Өндөр Гэгээн Занабазар" цэцэрлэгт хүрээлэнгийн хоймор хэсэгт сууриараа 27 метр голчтой, давхар конус хэлбэрийн цутгамал төмөр бетон суурийн байгууламж, мөнх ногоон уулан дээр цогцлон дэлгэрч буй лянхуа цэцгээс үргэлжлэн байгаа амирлангуй тайвныг бэлгэдсэн баруун мутар нь түмэн олноо тэгшит адислан, зүүнээ номыг айлтгагч мутарлагаа зүрхэн тушаа чагжлан залбирсан, зүүн мөрнөө бадамлянхуа цэцгийн цомирлогоос "Өөрөө төрсөн гэгээн" алтан Соёмбо тэнгэрт гэрэлтэн огторгуйн уудамд мөнхөд мандсан идэр залуу оюун санааг илэрхийлэх түвшин ихэмсэг дүрийг дүрслэн мөнхлөв. Мөн энэхүү хүрэл баримлын зүрхэн тушаа байрлалд 35*30*25 сантиметрийн хэмжээтэй Монгол түмний амны хишгийг билэгдсэн ууц таллаж буй бурханлаг дүрийг нь шүншиглэн залсан болно. Эзэлхүүн төлөвлөлт, суурийн геометр харьцаа зохиомж нь барималтайгаа зөв гурвалжин, тэгш өнцөгт гурвалжингаар пирамид дүрсийг үүсгэнэ.
     Суурин байгууламжийн нийт өндөр 9 метр, тойрог хэлбэрийн явган замаар 4 зүг, 8 зовхисоос дээд давцанд хүрэх явган шатаар холбогдоно. Архитектур орон зайн хувьд Өндөр Гэгээний бүтээн цогцлуулж байсан сүм дуганы олон загварт тохирох "Тэлүүр нуруун" даацын системд тулгуурсан хязгааргүй орон зайг үүсгэдэг "Бат цагаан цогчин" дуганы зарчмыг хадгалсан дугариг хэлбэрийн бүтээлийн музей байрлана. Уран баримал бүхий цогцолборыг бүтээн байгуулснаар Өндөр Гэгээн Занабазар нь XYI-XYIII зуунд Баруун Европод түгэн дэлгэрч, цэцэглэн хөгжиж байсан аугаа их Сэргэн мандалтын үеийн суут төлөөлөгч болох Микеланджело, Вуанаротти, Леонардо Да Винчи, Рафаэль Сант нартай эн зэрэгцэхүйц нэр алдрыг олж чадсан, Монголын ард түмний төдийгүй, Дэлхийн соёлт хүн төрөлхтний түүхэнд үнэт хувь нэмрээ оруулсан Эзэн Чингис хааны алтан ургийн удам угсааны эгэлгүй нэгэн гэдгийг ирээдүй хойч үе маань үеийн үед бахархан дуурайх их үйл хэргийг нь мөнхжүүлэн алдаршуулах, ард түмний сүсэг бишрэлийг дээдлэн хүндлэх болно.
Санаачлан зохион байгуулагч;
Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Аймгийн ЗДТГазар
Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл
Санхүүжүүлэгч; Монгол Улсын Засгийн Газар /1 тэрбум гаруй төгрөг/
Ерөнхий гүйцэтгэгч; "Өндөр буянт Холдинг" ХХК
Шашны зөвлөх: МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж Д.Лувсанжамц
Түүхийн зөвлөх: Доктор профессор С.Ичинноров
Зохиогч: Уран барималч Н.Оргил,
Архитектор; Д.Балдан нар тус тус ажилласан юм.
          Г.Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд мод бут тарих, зүлэгжүүлэх цэцгийн мандал байгуулах, услалтын систем тавих ажлыг "УБ - Цэцэрлэгжилт" компани тохижилтийн ажлыг "Өв-Таван эрдэнэ"ХХК, "Дүүрэнхорол" ХХК, "Хашхан" ХХК тус тус гүйцэтгэж өнөөгийн байдлаар 12 м өндөр, доороо музей бүхий Өндөр гэгээн Занабазарын сэрэг дүр, 1080 м хамгаалалтын хашаа, найман нэр төрлийн 24150 орчим мод бут, 18100 м2 зүлэгжүүлсэн талбай, услалтын иж бүрэн систем гүний худаг, 350 м2 цэцгийн мандал, 6 ширхэг сүүдрэвч, 70 ширхэг сандал, 36 ширхэг хогийн сав, дэд станц, 4200м2 явган зам, автомашины зогсоол, 70 ком талбайн гэрэлтүүлэг, харуулын байр, хаяг, гэрэл хөгжим бүхий усан оргилуурыг тус тус бүтээн байгуулаад байна.

 http://tourismofficer.blog.banjig.net/index.php-s

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null