ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын 2010 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт- шинжилгээ, үнэлгээний дүн

1-р байр 1, 2-р байр 2, 3-р байр 2 байдаг.

Зурган дээр хулганыхаа баруун товчлуурыг дарж view image гэж томруулж харна уу

Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын

газрын 2010 оны үйл ажиллагаанд хийсэн

хяналт- шинжилгээ, үнэлгээний

дүнгийн тухай

2011.5.12.

Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын 2010 оны үйл ажиллагаанд Боловсрол,   соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 337 дугаар тушаалаар баталсан Аймаг, нийслэлийн   Боловсрол, соёлын газрын үйл ажиллагааг үнэлэх журам-д заасан шалгуур үзүүлэлтүүдийг   баримтлан хяналт-шинжилгээ хийж, үнэлгээ өглөө.

Хяналт-шинжилгээ, үнэлгээнд (l) аймаг, нийслэлийн БСГ-ын 2010 оны үйл   ажиллагааны тайлан, (ll) аймаг, нийслэлийн Засаг даргаас Боловсрол, соёл /БСГ/-ын үйл   ажиллагаанд өгсөн үнэлгээ, (lll) боловсрол, соёл урлагийн салбарын албан ёсны статистикийн   мэдээлэл, мэргэжлийн хяналтын болон зарим олон нийтийн байгууллагын хөндлөнгийн   үнэлгээний материалыг тус тус ашиглав.

Боловсрол, соёлын газрын үйл ажиллагааг (i) боловсрол, соёлын үйлчилгээний   хүртээмж, чанар, үр дүнг илэрхийлэх тоон 17, чанарын 18 үзүүлэлтээр үнэлж, (ii) БСШУЯ-ны   холбогдох газрууд тус тус эрхлэх асуудлын хүрээнд үнэлгээ өгсөн болно.

Журамд заасны дагуу Архангай, Баян-Өлгий, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар,   Говь-Сүмбэр аймгийн БСГ үйл ажиллагааны тайлангаа аймгийн Засаг даргын зөвлөлийн   хурлаар хэлэлцүүлж үнэлгээ, дүгнэлт гаргуулсан бол Дундговь, Улаанбаатар, Говь-Сүмбэр   аймгийн ЗДТГ-аас БСГ-ын үйл ажиллагааг үнэлэх ажлын хэсэг томилон үнэлгээ өгөх ажлыг   зохион байгуулжээ. Харин 13 аймгийн БСГ-ын дарга аймгийн Засаг даргатай байгуулсан үр   дүнгийн гэрээ дүгнэсэн үнэлгээг ирүүлсэн бөгөөд Өмнөговь аймгийн боловсрол, соёлын   газар  аймгийн Засаг даргаас өгсөн үнэлгээг ирүүлээгүй байна.

Аймаг, нийслэлийн БСГ-ын 2010 оны үйл ажиллагаа нь 2009-2010, 2010-2011 оны   хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, нэгж хичээлийн чанар, үр   өгөөжийг нэмэгдүүлэх, сургуулийн өмнөх насны хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг   үнэлэх, боловсрол, соёл, урлагийн байгууллагуудын орчин нөхцөлийг сайжруулах, аймаг,   орон нутгаа сурталчлах соёлын өдрийг зохион байгуулахад чиглэсэн байна.

Тоон болон чанарын үзүүлэлтийн үнэлгээний дүнг Зураг 1, 2-т харуулав. Тоон   үзүүлэлтийн үнэлгээний улсын дундаж 38.2 бөгөөд 11 аймгийн үзүүлэлт улсын дундажаас   0.2-2.2-оор доогуур байна. Тоон үзүүлэлтийн үнэлгээнээс үзэхэд (i) цэцэрлэг, суурь   боловсролд хамрагдалт, (ii) ЕБС-ийн үндсэн багшийн нийт ажиллагчдын дотор эзлэх хувийн   индекс, (iii) мэргэжилтэй соёл, урлагийн ажилтны хангамжийн индекс зэрэг үзүүлэлтүүд 11-13   аймагт улсын дундажаас доогуур байна.

Чанарын үзүүлэлтийн үнэлгээний улсын дундаж 21.5 бөгөөд Өвөрхангай, Булган,   Орхон аймгуудын үзүүлэлт 1.9-2.9 пунктээр улсын дундажаас дээгүүр байна.

Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын 2010 оны үйл ажиллагааны чанарын   үзүүлэлтэд хийсэн шинжилгээнээс үзэхэд Боловсрол, соёлын газрын үйл ажиллагаанд дор   дурдсан бусдад туршлага болохуйц санал санаачилга, бүтээлч ажлууд байна:

Орон нутгийн иргэдэд үзүүлж байгаа боловсрол, соёлын үйлчилгээний чанар,   хүртээмжийг тандан судлах зорилгоор Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн   Боловсрол, соёлын газар хэрэглэгчдийн дунд санал асуулга явуулж, тэдний сэтгэл ханамжийг   судалсан байна;

Боловсрол, соёлын салбарын үйл ажиллагааны нээлттэй байдлыг хангах,   байгууллагын  үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ, дүгнэлт гаргуулах зорилгоор   Сүхбаатар  аймгийн Боловсрол, соёлын газар 2010 оны үйл ажиллагааны тайлангаа иргэний    нийгмийн байгууллагын төлөөллөөр хэлэлцүүлсэн байна;

БСШУ-ны салбарт хүчин төгөлдөр мөрдөж буй үндэсний хөтөлбөр, дүрэм, журмын    хэрэгжилт, сурлагын амжилтын өнөөгийн төлөв байдлын асуудлыг Баянхонгор, Булган,   Завхан, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газар аймгийн Иргэдийн   Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурлаар   хэлэлцүүлж боловсролын чанарыг дээшлүүлэхэд орон нутгийн төр, захиргааны байгууллагын   анхаарлыг хандуулан ажиллаж байна;

Орон нутгийн боловсрол, соёлын байгууллагыг мэргэжлийн боловсон хүчнээр   хангахад зарим аймаг тусгайлсан бодлого тодорхойлж, хүний нөөцийн чадавхийг бүрдүүлэх   төлөвлөлттэй ажиллаж байна. Тухайлбал, Баянхонгор аймаг хүний нөөцийн дунд хугацааны   хөтөлбөр /2010-2014 он/-ийг аймгийн ИТХ-аараа батлуулж, мэргэжлийн боловсон хүчний   судалгаа, хэрэгцээг сум бүрээр гаргасан бол Өвөрхангай аймаг дунд хугацаанд нэн   шаардлагатай мэргэжлийн 10 чиглэлийг тогтоож 20 хүртэл оюутанд тэтгэлэг олгож байна;

Боловсрол, соёлын байгууллагын мэргэжилтэн, ажиллагчдын ажлын хариуцлагыг   дээшлүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газар гүйцэтгэлийн   менежментийн гэрээг салбарын бүх ажилтнуудтай байгуулж явцын хяналт–шинжилгээ хийж   зохих үр дүнд хүрч байгаа бол Булган, Өвөрхангай аймаг багш, мэргэжилтний ёс зүйн хэм   хэмжээг сахин биелүүлэх, ёс зүйн зөрчил гарахаас сэргийлэхэд чиглэсэн бүтээлч ажлуудыг   зохион байгуулсан байна. Тухайлбал, Өвөрхангай аймаг ёс зүйн загвар сургууль, хамт олон   болох санаачилга өрнүүлж “Багшийн ёс зүйд нөлөөлж буй хүчин зүйлс түүнийг сайжруулах   арга зам” онол, практикийн бага хурал, хэлэлцүүлэг, багшийн ёс зүйн асуудлаар телевизийн   шууд нэвтрүүлгийг, Булган аймаг багшийн ёс зүйн зөвлөлийн дарга нарын сургалт, багшийн   ёс  зүйн зөвлөлийн үйл ажиллагааг ил тод болгох үүднээс аймгийн багшийн ёс зүйн блог нээн   ажиллуулах, ёс зүйн салбар зөвлөлийн тайланг нээлттэй хэлэлцүүлжээ;

Боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр Баянхонгор аймаг   сургуулийн үйл ажиллагааг нээлттэй, олон нийтэд ил тод болгох тэдний дэмжлэг туслалцааг   авч, хамтран ажиллах зорилгоор “Сургуулийн зөвлөлийн дарга нарт зориулсан сургалт”-ыг,   Өмнөговь аймаг ерөнхий боловсролын сургуульд мөрдөж буй сургалтын төлөвлөгөөний   хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, сонгон суралцах хичээлийг аль сургууль хэдэн цагаар   судлах боломжтой болохыг тодорхойлох үлгэрчилсэн загварыг гаргасан бол Өвөрхангай аймаг     Засаг даргын захирамжаар “ЕБС, цэцэрлэгийг аттестатчлах журам”-ыг баталж хэрэгжилтийг   хангах ажлыг зохион байгуулсан байна;

Сурлагын амжилтын үнэлгээний арга зүйг сургууль, багш нарт эзэмшүүлэх, бүх   түвшинд авч буй шалгалтын сэдэв, даалгаврын тохироц, гүйцэтгэлд шинжилгээ хийж, үнэлгээ   дүгнэлт гаргах ажлыг Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон аймгийн   БСГ-ууд бусад аймгуудтай харьцуулахад илүү бүтээлчээр хандсан байна;

Мэдээлэл харилцааны технологийг багш, ажилтны мэргэжлийг дээшлүүлэх үйл явцыг   удирдахад үр дүнтэй ашиглах, хамтран суралцах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, цаг   хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй суралцах бололцоог багш, мэргэжилтнүүдэд   олгох зорилгоор Архангай, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн БСГ-ын мэргэжилтнүүд блог   үүсгэн статистикийн мэдээ болон бусад мэдээллийг түүнд байршуулан мэргэжлийн багш нарт  үйлчилж байна;

Ховд, Сэлэнгэ аймгийн Боловсрол, соёлын газар соёл урлагийн үйлчилгээг баг бүрт   хүргэх явуулын үйлчилгээг тогтмолжуулсан, Төв аймаг, Нийслэлийн соёл урлагийн газар,   мэргэжлийн урлагийн төв байгууллагуудтай хамтран “Өсвөрийн морин хуурч”-дын улсын V   уралдаан, олон улсын морин хуурчдын наадмыг, Дундговь, Увс аймаг өөрийн аймгийн соёл   урлагийн өдрүүдийг нийслэл хотноо зохион байгуулсан зэрэг арга хэмжээ нь соёл урлагийг   сурталчилж дэлгэрүүлэх, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах өвлүүлэн хөгжүүлэхэд   түлхэц болсон байна.

Чанарын үзүүлэлтэд хяналт-шинжилгээ хийх явцад аймаг, нийслэлийн Боловсрол,   соёлын газрууд ажиллагчдын ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, өөрийн  байгууллагын үйл ажиллагаанд дотоодын хяналт-шинжилгээ хийх, үйлчилгээний соёл, чанарыг  сайжруулах, боловсрол, соёл, урлагийн мэргэжлийн боловсон хүчнээр хангах бодлого,   төлөвлөлт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх талаарх ажил   орхигдонгуй болох нь ажиглагдлаа. Түүнчлэн боловсрол, соёлын үйлчилгээний чанарыг   дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг нэгтгэн дүгнэх бус, харин үйл   явцыг тоочимж байдлаар дахин дахин давтан бичих, мөн тухайн онд хийсэн ажлаа бүрэн   тайлагнахгүй орхигдуулах явдал ч зарим Боловсрол, соёлын газрын үйл ажиллагааны   тайлангаас харагдаж байна.

Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын 2010 оны үйл ажиллагаанд БСШУЯ-ны   4 газрын өгсөн үнэлгээний нийлбэрээр Дархан-Уул, Орхон, Өвөрхангай дээгүүр (9.88-9.87) бол   Баян-өлгий, Ховд, Хэнтий доогуур (7.89-8.30) үнэлгээтэй байна.

Тоон болон чанарын үзүүлэлт, аймаг, нийслэлийн Засаг даргын үнэлгээ, БСШУЯ-ны   газруудын өгсөн үнэлгээний нийлбэрээр Орхон, Дархан-Уул, Өвөрхангай, Завхан, Баянхонгор   аймгийн Боловсрол, соёлын газар “Сайн” үнэлэгдсэн бол 17 аймгийн Боловсрол, соёлын   газрын үйл ажиллагаа “Дунд” гэж үнэлэгдлээ.

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null