ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : Элсэлтийн шалгалтын хураамж 4800 төгрөг

Элсэлтийн шалгалтын хураамж 4800 төгрөг

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн элсэл­тийн ерөнхий шал­галтын /ЭЕШ/ бүртгэлийг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулдаг.  ЭЕШ-ын бүртгэл энэ сарын долооноос эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр са­рын 22-нд дуусах аж. Сурагчид он-лайнаар бүртгүүлэхдээ www.eec.mn хаягаар бүртгүүлэх юм байна. Элсэгчид нийт арван хичээлээр шалгалт өгнө. Сурагчид болон эцэг эхчүүдэд мэдээлэл хүргэх зорилгоор ЭЕШ-ын журам, бүртгэлийн талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуц­сан мэргэжилтэн Ч.Отгонцэцэгээс тодруулсан юм.

-Элсэлтийн ерөнхий шалгалтанд бүрт­гүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлэх шаардлагтай вэ?

-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүй­цэ­­хүйц бичиг баримт, цээж зураг, бүрэн дунд боловсролын үнэмлэх зэргийг бүр­дүүлнэ. Онлайнаар бүртгүүлсний да­­раа бүртгэлийн хуудсыг хэвлэж өөрийн сур­гуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж батал­гаажуулна. Харин өмнөх онд төгсөгчид ЭЕШ-ын зөвөлгөө мэдээл­лийн ажилтнаар гарын үсэг зуруулж баталгаажуулна.

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шал­галтын журамд өөрчлөлт орсон. Өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөөч?

-Шалгалтын үргэлжлэх хугацаа буюу Мате­матик, физик, химийн хичээлийн гүй­цэт­гэх хугацаа 100 минут, харин бусад хичээлийн гүйцэтгэх хугацаа  уламжлал ёсоор 80 минут үргэлжилнэ. Мөн шалгуу­лагч онлайн бүрт­гэлийн хугацаанд шал­галт өгөхөөр сонгосон хичээлээ нэмэх боломжтой. ЭЕШ-ын хуваа­рийг БСШУЯ-ны сайд зарлах ба орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг эхлэнэ. Шалгалтын хугацаа, цагийг сунгахгүй бөгөөд нэмэлт бүртгэл хийхгүй. Шалгалтын хураам­жийн хувьд 4800 төгрөг, батламж картны 700 төгрөгийг тус тус төлнө.

-Бүртгэлийн хугацаанд сурагчид сон­го­сон хичээл дээрээ нэмж хичээл сонгох боломж­той гэж ойлгож болох уу?

-Тиймээ боломжтой. Жишээ нь бүрт­гэлийн хуга­цаанд гурван хичээл сонгосон сурагч нэмээд нэг хичээл сонгож болно. Гэхдээ бүртгэлийн 75 хоногт нэмэх боломжтой.

-Онлайнаар бүртгүүлэх боломжгүй сураг­чид ямар бичиг баримт бүрдүүлж, яаж бүрт­гүүлэх вэ?

-Интернэт ашиглах боломжгүй болон орон нутгийн элсэгчдийг манай төвөөс тусгайлан эрх олгосон бүртгэгчид бүртгэж байгаа. Тухайн элсэгч иргэний үнэмлэх/төрсний гэрчилгээ, гадаад паспорт г.м/, сүүлийн гурван сарын дотор авхуулсан цээж зураг, бүрэн дунд боловсролын үнэм­лэхтэйгээ ирж бүртгүүлнэ. Харин гадаадад бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн иргэний хувьд тухайн бичиг баримтаа БСШУЯ-аар баталгаажуулан манай төвд өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

-Онлайнаар бүртгүүлж байгаа сураг­чид  элсэлтийн хураамжийн мөнгийг ямар бан­каар дамжуулан төлөх  вэ?

-Голомт, Худалдаа хөгжил, Капитрон, Улаан­баатар, Монгол шуудан, Төрийн болон Хас банкны мастер, виза картаар шил­жүүлнэ.

-Хэрэв төгсөх ангийн сурагч ямар нэгэн шалтгаанаар шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд хэрхэн бүртгүүлж, шалгалтаа өгөх үү?

-Журамд заасны дагуу тухайн сурагч төгч байгаа газраа шалгалтаа өгнө. Харин өмнөх онд төгссөн сурагчид шалгалт өгөх газраа өөрөө сонгох эрхтэй. Ер нь төгсөх ангийн сурагчдын шилжилт хөдөлгөөнийг хагас жилээс хойш хориглосон байдаг.

-Өнгөрсөн жил нийт хэдэн сурагч ЭЕШ өг­сөн бэ. Энэ жил хэдэн сурагч шал­галт өгөх бол?

-Өнгөрсөн жил 39728 элсэгч бүртгэлд хам­раг­даж байсан. Шалгалт өгсөн хүүх­дийн 70 хувь нь их дээд сургуульд элсэн орж, 30 хувь нь Мэр­гэжил сургалт үйлд­вэрлэлийн төвд элссэн судалгаа гарсан. Энэ жил урьдчилсан дүнгээр 33960 хүүхэд арваннэгдүгээр анги төгсөхөөр байгаа. Өмнөх оны төгсөгч, гадаадад төгсөж ирсэн шалгуулагч, мөн дахин их дээд сургуульд суралцах шалгуулагч гээд ер нь жилд дундажаар 40 мянга орчим хүүхэд шалгалтанд хамрагддаг.

-Элсэлтийн шалгалтын тов гарсан уу?

-Шалгалтын товийг БСШУЯ-аас товло­дог. Энэ жилээс Боловсролын үнэлгээний төв V, IX, XI ангийн төгсөх шалгалтыг орон даяар зохион байгуулахаар болсон. Уг шалгалт тавдугаар сарын сүүлчийн хагаст болох тул элсэлтийн шалгалтын хугацаанд өөрчлөлт орох байх. Одоогоор тодорхойгүй байна. Мөн нэг зүйл нэмж хэлэхэд өмнөх жилүүдийн шалгалтанд ирж байсан тестүүдийг эмхэтгэн гарын авлага гарган ирэх сарын нэгнээс Боловсролын үнэлгээний төвийн зөвөлгөө мэдээлийн төвөөр борлуулахаар төлөвлөсөн байгаа.

Эх сурвалж: http://www.news.mn/content/53276.shtml

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null