ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАР : МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАГЧДАД ЗЭЭЛ ОЛГОХ,ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД

СУРАЛЦАГЧДАД ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургууль” гэнэ)-ын өдрийн ангид бакалавр, магистр, докторын боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн суралцаж байгаа Монгол Улсын иргэнд сургалтын төлбөрийн зээл олгох, эргэн төлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Сургалтын төрийн сан, сургууль, суралцагч хооронд байгуулах сургалтын төлбөрийн зээлийн гэрээ (цаашид “зээлийн гэрээ” гэнэ)-ний загвар, санхүүжилтийн хэмжээг боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн  Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар батална. Зээлийн гэрээнд зээлдэгчийн үүрэг, хариуцлага, зээлийн санхүүжилтийн хугацаа, эргэн төлөх нөхцөлийг тодорхой тусгана. Зээлийн гэрээ байгуулсан суралцагч (цаашид “суралцагч” гэнэ)-ийн сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаас санхүүжүүлнэ.

1.3. Тухайн жилд сургалтын төлбөрийн зээл авах суралцагчдын хяналтын тоог сургууль болон мэргэжлийн чиглэл тус бүрээр боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар жил бүрийн 7 дугаар сарын 1-ний дотор тогтоож, холбогдох сургууль, Сургалтын төрийн санд мэдэгдэнэ. Энэ хуваарийг нийтэд мэдээлэх ажлыг сургууль, Сургалтын төрийн сан зохион байгуулна.

1.4. Сургалтын төрийн сан, сургууль, суралцагч хоорондын харилцааг зээлийн гэрээ, холбогдох журам, хууль тогтоомжийн дагуу зохицуулна.

Хоёр. Сургалтын төлбөрийн зээл олгох нөхцөл

2.1. Сургалтын төрийн сангаас дараахь нөхцөлд элсэгчийн сургалтын төлбөрийг зээлийн хэлбэрээр олгоно:

2.1.1. хагас өнчин суралцагч;

2.1.2. бог малд шилжүүлснээр өрхийн нэг гишүүнд    100 хүртэл толгой мал ногдох малчин өрхийн суралцагч;

2.1.3. өрхийн нэг гишүүнд ногдох орлого нь Үндэсний статистикийн хорооноос тогтоосон бүсийн амьжиргааны түвшингээс доогуур орлоготой өрхийн суралцагч;

2.1.4. гэрээт цэргийн албыг 2 жилээс доошгүй хугацаагаар хаасан суралцагч.

Гурав. Бүртгэл, шалгаруулалт

     3.1. Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл авахыг хүссэн, энэ журмын 2.1-т заасан нөхцөл бүхий суралцагч нь дараахь бичиг, баримтыг бүрдүүлэн жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний дотор сургуулийнхаа захиргаанд өгнө. Үүнд:

3.1.1. өргөдөл (тусгай маягтын дагуу);

3.1.2. эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар;

3.1.3. бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар;

3.1.4. сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх эрхийн бичиг;

3.1.5. энэ журмын 2.1.1-д заасан суралцагчийн хувьд эцэг, эхийн аль нэг нь нас барсны гэрчилгээний хуулбар;

3.1.6. энэ журмын 2.1.2-т заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох толгой малын тоо, малчин өрх болохыг нотлох харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

-энэ журмын 2.1.3-т заасан суралцагчийн хувьд өрхийн нэг гишүүнд ногдох орлогыг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

-энэ журмын 2.1.4-т заасан суралцагчийн хувьд        2 жилээс доошгүй хугацаагаар гэрээт цэргийн албыг хаасныг тодорхойлсон харьяалах сум, дүүргийн Засаг даргаас баталгаажуулсан албан ёсны бичиг баримт;

3.1.7. зээлийг буцаан төлөхийг нотолсон баталгаа.

3.2. Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл авахыг хүссэн суралцагчдаас хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулах ажлыг сургуулийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан зохион байгуулна. Комиссын бүрэлдэхүүнд тухайн сургуулийн сургалтын болон оюутны асуудал хариуцсан ажилтан, оюутны байгууллага, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн төлөөллийг оруулна. Энэ журмын 3.1-д заасан бичиг  баримтыг үндэслэн сургалтын төлбөрийн зээл олгох элсэгч, суралцагчийг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны дотор  сонгож,  дүгнэлтийг Сургалтын төрийн санд хүргүүлнэ.

3.3. Сургуулиас ирүүлсэн дүгнэлт, суралцагчдын материалыг Сургалтын төрийн сангаас хянан үзэж, тухайн суралцагчид зээл олгох эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Дөрөв. Сургалтын төлбөрийн зээлийг

санхүүжүүлэх, түүнийг зогсоох

4.1. Сургалтын төлбөрийн зээлд хамрагдахаар шалгарсан суралцагч нь Сургалтын төрийн сантай зээлийн гэрээ байгуулна. Зээлийн гэрээ байгуулсан суралцагчийн сургалтын төлбөрийг Сургалтын төрийн сангаас суралцаж байгаа сургуулиар нь дамжуулан санхүүжүүлнэ.

4.2. Сургалтын төлбөрийн зээлд хамрагдаж байгаа суралцагчийн сурлагын голч дүн 2.8 болон түүнээс дээш байх тохиолдолд гэрээг сунгаж, санхүүжилтийг үргэлжлүүлэн олгоно. Голч дүнгийн үзүүлэлтээр хасагдсан суралцагчийн оронд тухайн сургуулийн нэг хичээлийн жилээс доошгүй хугацаагаар 2.8-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа суралцагчийг зээлд хамруулж болно.

4.3. Суралцагч нь чөлөө авсан, эсхүл журамд заасан голч дүнгийн босгын шаардлага хангахгүй суралцсан тохиолдолд сургуулийн албан ёсны мэдэгдэл, саналыг үндэслэн гэрээг нь түдгэлзүүлж, санхүүжилтийг түр зогсооно.

4.4. Сургалтын төлбөрийн зээлээр суралцагч сургуулиа төгссөн, өөр сургуульд шилжсэн, сургуулиас гарсан, эсхүл хасагдсан тохиолдолд тухайн сургууль цаг тухайд нь Сургалтын төрийн санд албан ёсоор мэдэгдэнэ.

Тав. Сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөлт

5.1. Суралцагч сургалтын төлбөрийн зээлийг сургууль төгссөнөөс хойш зээлийн гэрээний дагуу төлнө. Зээлийг эргэн төлөх дээд хугацаа нь 5 жил байна.

5.2. Төгсөгч хөдөлмөрийн гэрээ байгуулснаас эхлэн түүний үндсэн цалин болон бусад орлогын 50 хүртэл хувиар тооцон зээлийн эргэн төлөх хуваарь гаргаж, 5 хүртэл жилийн хугацаанд Сургалтын төрийн санд шилжүүлэх ажлыг төгсөгч, ажил олгогч нар хамтран гүйцэтгэнэ.

5.3. Төгсөгч, ажил олгогч нь сургалтын төлбөрийн зээлийг хугацаанаас нь өмнө төлж барагдуулж болно.

5.4. Суралцагч нас барсан, хөдөлмөрийн чадвараа     70 болон түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд түүнийг зээлийн төлбөрөөс чөлөөлнө.

5.5. Сургалтын төрийн сангийн зээлээр суралцагч нийслэлд төсвийн байгууллагад 5-аас доошгүй жил, орон нутагт төсвийн байгууллагад 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан тохиолдолд түүнийг зээлийн төлбөрөөс чөлөөлнө.

5.6. Энэ журмын 5.4, 5.5-д заасан нөхцөлөөр зээлийн төлбөрөөс чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сан холбогдох этгээдээс нотлох бичиг, баримт авсны үндсэн дээр Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

5.7. Суралцагч зээлийн гэрээгээ зөрчсөн тохиолдолд зээлийг хүүгийн хамт Сургалтын төрийн санд буцаан төлнө. 

Зургаа. Бусад

6.1. Сургалтын төлбөрийн зээл авах, эргэн төлөгдөх үндэслэл нь суралцагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргах хөрөнгийн барьцаа, баталгаа байна. Зээлийн батлан даалтыг ажил олгогч, эсхүл сонирхсон гуравдагч этгээд хариуцан гаргаж болно.

6.2. Хоёр дахь дээд боловсрол эзэмшиж байгаа суралцагчид энэхүү журам хамаарахгүй.

6.3. Сургалтын төрийн сан нь зээл авсан суралцагчдын нэгдсэн бүртгэл, тооцоог хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэн  жил бүр статистик мэдээ гаргана.

6.4. Сургалтын төлбөрийн зээлийн гэрээ, санхүүжилт, эргэн төлөхтэй холбогдон гарсан маргааныг холбогдох хууль тогтоомж, гэрээ, дүрэм, журмаар зохицуулна.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null